Шинэ жил айсуй. Айл болгоны баярын ширээг Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн салат, даршилсан өргөст хэмх чимдэг дээ. Тэгвэл тэд ирэх онд шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байна. Энэ нь $GAZR-н бизнест яаж нөлөөлөх вэ?
📈 Одоогийн нөхцөл байдал
Газар Шим Үйлдвэрийн цар хүрээ 2023 оны 3-р сард IPO хийснээсээ хойш нэлээд тэлж байгаа. Тодруулбал, тэдний энэ оны эхний хагас жилийн цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 20.8% нэмэгдэж ₮20.9 тэрбумд хүрснээр цэвэр ашиг нь 35.1% өсөж ₮5 тэрбумын босгыг даваад байна. Нэмээд компани өнгөрсөн 25 жилийнхээ түүхэд нийт 100 сая шил бүтээгдэхүүн борлуулсан гэж байгаа.
🆙 Төрөлжилт = Өсөлт: Харин ирэх оноос эхлэн майонез, кетчуп, халуун ногоотой чили соус, паста соус, шимт хүүхдийн жимс ногооны нухшийг Монголдоо үйлдвэрлэж эхлэх аж. Энэ нь тэдэнд борлуулалтын сувгаа өргөжүүлэх, брэндийн үнэ цэнийг өсгөх, зах зээлийн өрсөлдөөнд илүү том байр суурь эзлэх зэрэг давуу талыг бий болгох юм.
Импорт 🔻: Харж байгаачлан тэдний шинэ бүтээгдэхүүнүүд түлхүү импортын бүтээгдэхүүн. Нэг өрх сард дунджаар 1 сав кетчуп хэрэглэдэг гэвэл жилд ойролцоогоор ₮35.4 тэрбум гадагшаа урсаж байгаа хэрэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монголдоо стандартын дагуу үйлдвэрлэж, илүү хямд үнэ санал болгосноор импортын хамаарлыг бууруулах юм.
Аюулгүй байдал №1: Түүнчлэн манай импортын хяналт шалгалтын тогтолцоо сул учир хүнсний аюулгүй байдлын асуудал байнга яригддаг. 2021 онд хүнсний нийт 773 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 41.1% нь лабораторид огт шинжлэгдэхгүй байгааг тогтоосон. Үүнд эрсдэлтэй хүнсний бараа багтаж байна. Харин $GAZR-н бүтээгдэхүүнүүд MNS ISO 17025 стандартын дагуу шалгагдаж буй.
Эцэст нь… Өргөст хэмх, салат, Артишокоороо танигдсан Газар Шим Үйлдвэр сагсаа нэмж бизнес болон зах зээл дэх байр сууриа тэлэх нь ээ. Энэ нь тэдний хөрөнгө оруулагчдын хувьд ч хэрэглэгчдийн хувьд ч таатай мэдээ болж байна даа.